hicheel

2011-03-31 - Цээжлэх шүлэг

Ангилал: бие даалт

                 Амьддаа бие биеэ хайрла

Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь битгий шархлуул

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгйг бусдадаа нээж өг

Ачийг чинь  тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй түүнийг нь олж хэл

Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг

Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь

Чамайг хайрласных нь хариуд хайрла

Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү

Бидний амьдрал ав адилхан

Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч

Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч

Бидний замд ав адилхан учрал тохиолдоно.

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг

Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад

Өнөөдөр чи инээж нөгөөдөх нь уйлдаг ч

Өөр нэг өдөр чи гуньж цаадах нь дуулна.

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй бие биеэ хайрла

Өргөн хорвоод хүн хайраар дутаж болохгүй

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Амьд явахыг би бусдад хайр түгээхийн хэр гэж бодном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.

                             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Газар шороондоо би хайртай

Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж

Хүйтэн булгийн уснаас нь шүдээ таштал залгилж

Талын тогоруу, нуурын ангир үргээж

Таанын толгой цэцгийн дэлбээг нь түүж явсан

                        Газар шороондоо би хайртай

Толгодын энгэрээр хургаа хариулж явахдаа

Тоодон дээлэндээ чулуу хормойлж гэр барин

Хөрст газрыг нь хотойтол хөл нүцгэн гүйж

Хөнгөн залуу насаа талд үдсэн болохоороо

                       Газар шороондоо би хайртай

Ээжий  минь амгалан үедээ өрхийг нь татаж

Энгэр бэл дээр цэмцийн харагддаг байсан

Төрсөн гэрийн минь буурь мөөгөн хүрээ татаж

Төө зайгүй амьдралын илч шингээж байдагт нь

                       Газар шороондоо би хайртай

Аймгийн сургуульд ирчихээд гэрээ санан ганихарч

Ар бэлийн хөтлөөр хүний бараа ширтэн

Асгарах нулимстай нүдэнд, зурайн харагддаг байсан

Алтан шаргал замыг одоо болтол санадагтаа

                      Газар шороондоо би хайртай

Уулын толгодын дээгүүр үүлс суунаглан нүүж

Унасан морины туурай газар хонхойтол цавчилж

Учрахын сайхан ерөөлөөр хос зүрхэн цохилж

Уудам хээрийн бэлчээрт хайр амталсан болохоороо

                      Газар шороондоо би хайртай

Харийн дайсан халдахад гал голомтоо өмгөөлж

Халхын сайхан эрчүүл буу  мөрлөж мордохдоо

Хатан Туулын усыг рашаан гэж амтлан

Хайрга чулуун шороогий нь алчууртаа боож явсанд нь

                     Газар шороондоо би хайртай

Арван төө биеийнхээ алжаан ядрахыг мэдэлгүй

Арвин талын уудамд , цуурай хадтал дуулж

Аагтай залуу насныхаа ид бахыг үзэх гэж

Атрын онгон хөрсөнд үр суулгалцсан  болохоороо

                    Газар шороондоо би хайртай

Зуур хоносон сарны тэргэл туяаг орлох

Зуун түмэн зул эх газартаа асааж

Тэнхээт биеийнхээ хөлсийг дусал дуслаар шингээх гэж

Тэнгэрлэг сайхан орныхоо эзэн болж төрсөндөө

                   Газар шороондоо би хайртай

 

 

 

 

 

 

 

Чингисийн тамга

 

Эзэн Чингисийн тамгыг

Зуун дамжуулан эрээд

Эртний монгол газраас

Эдүгээ хүртэл олоогүй

Чин үнэнийг өгүүлэхүй

Чингисийн тамгыг эрээд яана

Нутаг эзэн хоёртоо л

Нуугдаж үлдсэн юм чинь

Туурайт сүрэг шийрээрээ тамгалдаг

Туургат цагаан гэр бууриараа тамгалдаг

Тусгаар тогтнол хилээрээ тамгалдаг

Туг сүлд нь улсаа зарладаг

   Чингисийн тамга Монголдоо л бий

    Цэнхэр униарт нутагтаа бий

Зулын бүдэгхэн гэрэл өөхөн дэнгийн анивчаанд

Зуун найман ботийг барлаж хэн чадлаа

Зууханд улалзах галын зүмбэр улаан дөлөнд

Зургийн гоо дар эхийг амилуулж хэн чадлаа

   Чингисийн тамга Монголдоо л бий

   Чилээрхэж туурвисан мэргэдийн оюун ухаанд байгаа

Догшин хар сүлдэн дор Ертөнцийн талыг хувааж

Домгийн найман шарга газарт буусан түүхтэй

Есөн хөлт цагаан туганд дэлхий бөхийн сөгдөж

Ер бусын тавилангаар дээвэр дороо цугларсан

     Тамгатай төрийн эзэд

      Та бид байгаа бус уу?

Хүй дарсан газар орчлонд мэндэлсний минь тамга

Хүүхэд ахуй минь хөх толбо онгон сахиусын тамга

Хүн нь хүртэл тэнгэрийн тамгатай төрдөг улс гүрэн

Хөрст энэ дэлхий дээр өөр хаана байна?

        Чингисийн тамга Монголдоо л бий

         Чиний , миний, таны цусанд бий

Эзэн Чингисийн тамгыг зуун дамжуулан эрээд

Эртний Монгол газраас эдүгээ хүртэл олоогүй

Хөрст газраа бусдаар тандуулан, шинжүүлэн

Хөх монголын нутгийг бүүлгах шахан хайлаа

         Больцгооё Та минь

          Богд эзний тамга...

Их Монголын нэрэнд бий

Эсгий гэрийнх нь бууринд бий

Эх орны шороонд бий

Эзэн бидний зүрхэнд бий.

 

 

 

 

Харамчийнхны дууль

 

Айхавтар чанга гартай ах дүү хоёр байлаа

Адлаж, хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байлаа

Сансар Эмгэдийн бэлийг хонь бүрхэж

Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядан

Үе дамжсан баян Харамчийнхны хот айл

Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа. 

 Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор

Гэр нь бүрээс сайтай өвөлжлөө гэвэл худлаа

Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй

Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно

Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй

хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй

хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж

Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ

Ганц хайрцаг шүдэнз айл нь гуйхад

“Гал гаргадаггүй өдөр өө” гээд халгаахгүй буцаачихна

хавийн улс амьтан хөх инээдээ барж

Харамч муугийн үлгэр, үгийн хачир болгоно

Тэр л янзаар он жилүүд өнгөрч байтал

Тэртээ жил гэнэтхэн дайн гарав

Халхын гол руу агт туух юм болж

Хамгийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв

Харамчийнхан л яадаг бол, гар тэнийхгүй дээ гэж

Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв

Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан

Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ

буруу зөвгүй номхон аль хурдан хурцыгаа

Бузар дайсныг намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө

Агт хөдлөөд хэдхэн хонотол

Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм

Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь

Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм

Цурам хийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй

Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй

Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй ээ

Бүрээн дуунаар нөхдөө давших цагт

Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг юм

“Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо” гэж

Суман салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм

Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү

Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм

Хамгийн хүнд мөчид эх орон танаасаа

Харамчийнхан амиа бас харамласангүй ээ.

 

 

 


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2011-04-18 -

Бичсэн: Зочин

goe shvleg bna гоё шүү гоё шүү алга ташилт алга ташилт

Шууд холбоос


Бичлэг: 8 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax